Мэндчилгээ
Эрхэм хүндэт харилцагчид, үйлчлүүлэгчид
Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!
Манай “Шим” ХХК нь 1990 онд байгуулагдан, Монгол улсад биотехнологийн судалгаа шинжилгээний ажлыг өргөтгөн, төрөл бүрийн биоидэвхит бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор өнөөг хүртэл ажиллаж ирлээ.
Өнгөрсөн он жилүүдэд хөдөө аж ахуй, байгаль орчны биотехнологийн салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээр болон ойн санг хамгаалах зориулалттай биобэлдмэлийн судалгаа, үйлдвэрлэлийг зохион байгуулж, төрөл бүрийн биобэлдмэлийг үйлдвэрлэн, төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байна.
Мөн газар тариаланд хэрэглэх зориулалттай, олон улсын чанарын шаардлагад нийцсэн ургамал хамгааллын бодисуудыг ОХУ, Швейцарь, БНХАУ-ын тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, импортлон дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээг хангадаг.
Бид хэрэглэгчээ дээдлэн, бизнесийн ёс зүй, шударга хөдөлмөрийг эрхэмлэн ажиллаж, Монгол улсын эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэн, бэлчээр ойн санг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулан амжилт бүтээлтэй ажиллаж байгаадаа бахархдаг билээ.
Бидний ажлын амжилт нь манай хамт олны хичээл зүтгэлтэй зэрэгцэн гадаад дотоод олон түншүүдтэй харилцдаг, итгэл даасан, ёс зүйтэй, нээлттэй харьцаанд оршдог.
Монгол орныхоо унаган байгалийг хамгаалан хадгалж, нийгэм эдийн засгаа эрүүл, эрчимтэй хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг Та бүхэнд уриалж байна.
Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “ШИМ” ХХК-ийн ерөнхий захирал
НЯМААГИЙН БАТАА
Шим ХХК-ны танилцуулга
Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК нь Монгол улсын хөдөө аж ахуй, байгаль орчны биотехнологийн салбарын судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх, газар тариалан, хүрээлэн байгаа орчинд эерэг нөлөөтэй биоидэвхит бэлдмэлүүдийг үйлдвэрлэх зорилготой 1990 онд байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.
1992 онд улсын өмч хувьчлалаар Сонгино дахь Биокомбинатын фермантацийн үйлдвэрийг хувьчлан авч, сэргээн босгож, өнөөдрийг хүртэл газар тариаланд зориулсан биобордоо, эрчимжсэн мал аж ахуйн уурагт болон амин хүчлийн тэжээл, бэлчээрийн үлийн цагаан оготно ба бусад мэрэгчдтэй тэмцэх, ойн хайрсан далавчтаны багийн хөнөөлт шавьж, хүрэнцэрээс хамгаалах төрөл бүрийн биобэлдмэлүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж ирлээ.
“Шим” компанийн ферментацийн үйлдвэр нь Унгар, Дани, ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тоноглогдсон, үйлдвэрийн болон судалгааны 2 лабораторитой, 25-30 нарийн мэргэжлийн мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулдаг.
“Шим” компанийн ферментацийн үйлдвэр нь тус бүр 15,0 шоометр багтаамжтай 4, тус бүр 3,0 шоометр багтаамжтай 4ш ферментёртой. Нэг ээлжинд 26,0 шоометр биобэлдмэлийн үйлдвэрлэлийг зэрэг явуулах боломжтой.
“Шим” компани нь 1998 оноос газар тариаланд зориулагдсан ургамал хамгаалах болон ургац нэмэгдүүлэх төрөл бүрийн бодисыг Швейцарын Сингента, Новартис, Германы Байер, ОХУ-ын Щелково агрохим, Алсико агропром, Алтай химпром, БНХАУ-ын Тайху зэрэг томоохон үйлдвэрлэгч компаниудаас импортлон дотоодын зах зээлд нийлүүлж байна.
2010 онд ОХУ-ын Щелково агрохим компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, олон улсын чанарын шаардлага хангасан 27 нэр төрлийн ургамал хамгааллын болон ургац нэмэгдүүлэх бодисыг импортлон оруулж туршсан ба эдгээр бодис нь Монгол улсад хэрэглэгдэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисын жагсаалтад багтсан.
Мөн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж болон үр тарианы импортын үйл ажиллагаа явуулж, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийн ажилладаг.
Түүхэн замнал:
- Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК нь 1990 онд байгуулагдсан
- 1992 онд Сонгино дахь Биокомбинатын фермантацийн үйлдвэрийг хувьчлан авч, сэргээн босгож микробиологийн үйлдвэрлэл явуулж ирсэн.
- 1993 оноос азотобактерийн (ШИМ-1) бордоо;
- 1994 оноос уурагт тэжээл, лизиний амин хүчлийн тэжээл, бифидум бактерийн бэлдмэл
- 1995 оноос азото-фосфобактерийн (ШИМ-2) бордоог тус тус үйлдвэрлэж эхэлсэн.
- 1997 оноос Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран бэлчээрийн хортон мэрэгчдийг (үлийн цагаан оготно) устгах үйлчилгээтэй бактероденцид, бактобромадиолон биобэлдмэлийг үйлдвэрлэж байна. 1997-2017 оны хооронд 2778,0 тн бэлдмэл үйлдвэрлэн 1316,5 мян/га талбайд 80,0-100,0%-ийн техник үр дүнтэй хэрэглэжээ.
- 1998 оноос эхлэн газар тариаланд зориулсан Швейцарын Сингента, Новартис, Германы Байер, ОХУ-ын Щелково агрохим, Алсико агропром, Алтай химпром, БНХАУ-ын Тайху зэрэг үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, дотоод зах зээлд ургамал хамгааллын бодис нийлүүлж байна. 1998-2017 оны хооронд Щелково агрохим компаниас нийт 27, бусад компаниас 17 нэр төрлийн ургамал хамгааллын бодис импортлон туршсан нь Монгол улсад хэрэглэгдэх бодисын жагсаалтад тусгагдсан.
- 2010 оноос ойн хортон шавьж устгах “Энтомотоксин” биобэлдмэлийн технологийг эзэмшин үйлдвэрлэж эхэлсэн.
- 2017 онд УХЭШХ-тэй хамтран хайрсан далавчтаны багийн хөнөөлт шавьжтай тэмцэх BTMN-01 биобэлдмэл, царцаа болон ойн хортон хүрэнцэр, шавьж устгах мөөгөнцөрийн гаралтай “Грийн” биобэлдмэлийг үйлдвэрлэж эхэллээ.
Бүтээгдэхүүний хэрэглээний үр дүн
Хамтын ажиллагаа
ШУҮ-ийн “Шим” ХХК нь хөдөө аж ахуй, байгаль орчны биотехнологийн салбарт судалгааны ажил явуулахын зэрэгцээ, “Ургам хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-ийн эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд 1997 оноос идэвхитэй хамтран ажиллаж ирлээ.
“Шим” ХХК 1997 оноос УХЭШХ-тэй хамтран Sc,доктор Н.Энхболд нарын зохион бүтээсэн хортон мэрэгчдийг устгах 2 төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэх технологийг эзэмшин үйлвэрлэж байна. Энэ хугацаанд 2778,0 орчим тонн биобэлдмэлийг үлийн цагаан оготны эсрэг 1316,5 мян/га бэлчээрийн талбайд хэрэглэж 80%-иас дээш техник үр дүн үзүүлсэн амжилттай ажиллаж байна.
2017 онд Sc,доктор Н.Энхболдын зохион бүтээцэн хайрсан далавчитны багийн хөнөөлт шавьжтай тэмцэх BT-MN01 бактерийн биобэлдмэл, Ph.D М.Бямбасүрэнгийн зохион бүтээсэн царцаа, хүрэнцэр, хөнөөлт шавьжтай тэмцэх “Грийн” мөөгөнцөрийн биобэлдмэлүүдийг хамтран үйлдвэрлэж эхэлсэн.
Манай компани УХЭШХ-тэй газар тариаланд зориулсан ургамал хамгааллын орчин үеийн бодисыг Монголын зах зээлд нийлүүлэхэд хамтран ажиллаж, импортлон оруулж ирсэн ургамал хамгааллын бодисоо 1-2 жил туршуулан Монгол улсад хэрэглэж болох бодисын жагсаалтад оруулсны дараа худалдаанд гаргадаг. 2001 оноос эхлэн нийт гербицид 20, фунгицид 8, инсектицид 5, родентицид 2, биологийн гаралтай бордоо 5 нэр төрлийг тус тус туршин нэвтрүүлж худалдаанд гаргасан. “Шим” ХХК нь Монгол улсын газар тариалангийн нийт хэрэгцээний ургамал хамгааллын бодисын импортын 40.0%-ийг нийлүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.plantprotection.mn/ сайтаас үзнэ үү.
“Щелково Агрохим” ХХК нь 1998 онд ВНИИХСЗР ба “Щелковское предприятие Агрохим” ОАО-ын бааз суурин дээр байгуулагдсан. Тус компани нь үйлдвэрлэлийн хэмжээ нь байнга өсөн нэмэгдэж байгаа хүчирхэг үйлдвэр бөгөөд ургамал хамгааллын химийн бодисын үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгчдийн нэг юм.
Тус компани нь ISO:9001:2008 чанарын стандартын дагуу шинэ системээр ажиллаж удирдлага болон бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж хэрэглэгчидтэй урт болон удаан хугацааны харилцааг тогтоосон бөгөөд нийт 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнд: гербицид, инсектицид, фунгицид, родентицид, үр ариутгал, фумигант, адъювант, феромон гэх мэт. Үүнээс гадна хүхрийн хүчил, эрдэс давс, пестицидүүд, катализатор, арьс арьсан эдлэлийн химийн бүтээгдэхүүн, органик ба органик бус бодисыг улс ардын аж ахуйд нийлүүлдэг. Гол давуу тал нь шинэчлэл, өндөр чанар, үр дүн гэсэн зарчмууд дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.
Сүүлийн үед пестицидийг тусгай зориулалтын цехэд үйлдвэрлэж, 1998 оноос пестицид үйлдвэрлэгч нэг гол төлөөлөгч болсон. 1998 онд 60 ажилчинтай байсан бол 2010 онд ойролцоогоор 500 ажилчинтай болсон. Үйлдвэрийн мэргэжилтнүүдийн боловсруулан гаргасан бүтээгдэхүүнтэй ижил төстэй бүтээгдэхүүн ОХУ-д төдийгүй гадаад улс оронд байхгүй.
“Щелково Агрохим” ХХК нь наношинжлэх ухаанд тулгуурлан бэлдмэлийн шинэ хэлбэр бий болгон гайхамшигтай шинж чанартай бодисуудыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Үйлдвэрийн ихэнх бүтээгдэхүүн ОХУ-ын патенттай бөгөөд ОХУ-д 57 бүтээгдэхүүний тэмдэг, ТТУХ-д 35 бүтээгдэхүүний тэмдэгтэй, 140 гаруй бэлдмэлийг ОХУ-д болон ТТУХ-д бүртгүүлэн хэрэглэх зөвшөөрлийг авсан.
“Щелково Агрохим” ХХК-ийн 23 нэр төрлийн бүтээгдэхүүнийг “Шим” ХХК, УХЭШХ-д туршуулан Монгол улсад хэрэглэгдэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисын жагсаалтад оруулсан байна.
Дэлгэрэнгүйг www.betaren.ru сайтаас үзнэ үү.