Ургамал хамгааллын бодисыг хэрэглэх аюулгүй ажиллагааны заавар
- Химийн бодис болон пестицидийг худалдан авахдаа, худалдаалах тодорхой эрх бүхий байгууллагаас худалдан авч мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, зааврыг үндэслэн хэрэглэх хэрэгтэй.
- Химийн бодис болон пестицидийг хүүхэд хүрч авахааргүй, цоож түгжээ сайтай сав агуулахад хадгалах ба хүнсний зүйлтэй хамт хадгалж болохгүй.
- Химийн бодис болон пестицид байсан сав бүрэн гүйцэд цэвэрлэгддэггүй учир хүнсний бүтээгдэхүүн (ус, айраг г.м) –ийг ямарч хугацаагаар хадгалах буюу зөөвөрлөж болохгүйг анхаарна.
- Шүршилт хийж дууссаны дараа нүүр гараа савандаж угаах, амаа цэвэр усаар зайлах хэрэгтэй. Ажил дууссаны дараа ажлын хувцасыг сольж хамгаалах хэрэгслийн журмын дагуу хадгалалтанд тавина.
- Химийн бодис хэрэглэх үед хордсон анхны шинж тэмдэг илэрсэн даруйд (дотор муухайрах, бөөлжих, бие эвгүйрэх, сулрах) цэвэр агаарт гаргаж анхны тусламж үзүүлнэ. Үүнд:
- Амьсгалахад саад бэрхшээл учирвал: Хохирогчийг пестицид хэрэглэсэн бүс нутгаас нэн даруй холдуулж хүзүү хавийн хувцасыг сулруулан цэвэр агаар амьсгалуулж тайван байлгах нөхцөл хангана.
- Залгигдсан тохиолдолд: Амаа усаар зайлна. Дараа нь идэвхтэй нүүрс усны суспензийн уусмал уулгана. Дараа нь залгиур хойлойн арын ханыг өөрөө цочроож бөөлжиж гаргана. Үүний дараа дахин идэвхтэй нүүрс усны суспензийн уусмал уулгана. Өвчтөн үргэлжлүүлэн ихээр бөөлжвөл хүчилтөрөгчтэй хэрэгсэлтэй түргэний машин дуудна.
- Бэлдмэл нүдэнд хүрсэн тохиолдолд: Цэвэр усаар 15 минут зайлж угаах ба энэ үйлдлийг хийхдээ нүдээ нээлттэй байлгана. Хэрэв нүдний салст бүрхэвч цочирсон бол түргэн эмчид хандах хэрэгтэй.
- Бэлдмэл арьсанд хүрсэн тохиолдолд: Эхлээд арьсанд шингээлгүй наалдсан хэсгийг хөвөнд шингээж аваад, гоожууртай усанд савандан арилгаж угаана.
- Шүршилт хийсэн төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, хувцасыг цэвэрлэсэн шингэнийг устгалын байнгийн болон түр цэгт, зориулалтын нүхэнд хийж булж битүүмжилсэн байна.
- Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 16 нас хүрээгүй хүүхэд, өндөр настан, халдварт өвчнөөр өвчилсөн, мэс засал хийлгээд нэг жил болоогүй болон пестицидэд харш өвчтэй хүмүүсийг ажиллуулахыг хориглоно.